Оосор бүчгүй орчлон
Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин халин эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бүдүүн өвсөнд бүдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ өрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам хугаран эргэж өнөө шар залуу руу хандсанаа санах аж. Буулт өгөөд буцаж явахдаа "Хачин юм" гэж бо...